Суулгалт өвчнөөс сэргийлэх

Хүүхдийн суулгалт өвчнөөс сэргийлэх долоон зарчим байдаг.

1. Хүүхдийг наанадаж 6 сар хүртэл зөвхөн хөхөөр хооллох, боломжтой бол 2 нас хүртэл нь үргэлжлүүлэн хөхүүлэх. Хөхөөр хооллох эрүүл ахуйн шаардлага нь:

  • Халдвар авахаас сэргийлж төрсний дараа 20 минут дотор хүүхдийг амлуулах, буцалсан ус, чихэртэй ус, сүүн тэжээл, бусад шингэн зүйл өгөхөөс зайлсхийх.
  • Хүүхдийг боломжоор нь олон удаа хөхүүлэх.
  • Хөхүүлэхийн өмнө буцалсан усаар эсвэл борын хүчлийн уусмалаар хөхнийхөө товчийг ариутгаж, 2-3 удаа шувтарч саагаад, дараа нь хөхүүлэх.

2. Хүүхдийг нэмэгдэл хоолонд дасгаж оруулах, хоол хүнсийг зөв хадгалж, зөв бэлтгэх

3. Ундны цэвэр ус хүрэлцээтэй хэрэглэх нь суулгах өвчнөөс сэргийлэх гол аргын нэг.

Гэр орны нөхцөлд ундны усыг ахуйн хэрэгцээний, юм угаахад зориулсан уснаас ангид, тагтай саванд хадгалвал ус бохирдохоос хамгаална. Ундны усыг ариун цэврийн хамгаалалтын бүс тогтоогдсон цэвэр эх булгаас авна. Усны эх булгийг бохирдлоос хамгаалж мал амьтад орохооргүй хайс татсан байна.

Ундны усыг зориулалтын нэг ховоо, хувингаар авч цэвэр  саванд, сэрүүн газар хадгална. Усны савыг 7 хоног тутам цэвэрлэн, нар салхинд тавьж хатаана. Савыг таглаатай байлгаж, урт иштэй шанагаар хутгаж авах буюу гоожуулж авах цорготой болговол сайн.

Ундны уснаас мал амьтан уух, хүүхэд усаар тоглох, түүхий ус уухаас болгоомжлох хэрэгтэй.

4. Гараа зөв угаах.

5. Жорлон зөв хэрэглэх. Жорлонг салхины дор, нам газар, гэр оронд 20 м-ээс ойргүй барьж үерийн уснаас хамгаалж шуудуу татна.

Гэр бүлийн бүх хүмүүс, хүүхэд, хөгшид заавал жорлонд бие засаж байх ба жорлонг байнга ариутгаж халдваргүйжүүлэх бодис хэрэглэнэ. Боломжтой бол хүүхдийн жорлонг тусад нь барь.

Жорлон байхгүй бол:

  • Ундны усны эх булгаас 10 м-ээс дотогш, гэрийн ойролцоо, хүүхэд тоглодог газар бие засахыг хориглоно.
  • Баасыг дарж булна.
  • Хүүхдийг ганцааранг нь ил задгай бие засуулж болохгүй.

6. Хүүхдийн баасыг цэвэрлэж зайлуулах. Зарим хүмүүс хүүхдийн баас халдваргүй гэж буруу ойлгодог. Нялх хүүхдийн баас ч гэсэн бусад хүмүүст гэдэсний халдвар тараах аюултай учир эрүүл ахуйн шаардлагын дагуу хурдан зайлуулах хэрэгтэй. Хүүхдийн баасыг тэр дор нь цэвэрлэж заавал жорлонд хийнэ. Хүүхдийг хөтөвчинд бие засуулж сурган тухай бүр нь баасыг жорлонд хийж, хөтөвчийг угааж цэвэрлэнэ. Жорлон байхгүй бол газар хонхойлж булна. Хүүхдийн бөгсийг сайн арчиж цэвэрлэсний дараа өөрийнхөө болон хүүхдийнхээ гарыг заавал угаа.

7. Улаан бурхан өвчнөөс сэргийлэх тарилга хийлгэсэн бол хүүхэд тань аюулт өвчнөөс сэргийлэгдсэнээр өвчний үед элбэг тохиолддог суулгалт өвчний хүнд хэлбэрээс мөн сэргийлэгдэнэ.

Leave a Reply