Хүүхэд халуурвал яах вэ?

Хэрэв хүүхдийн биед хүрэхэд халуун оргиж байвал халуурч байж магадгүй. Халуурсан эсэхийг мэдэхийн тулд хүүхдийн халууныг халууны шилээр хэмжих ёстой. Дарж үзчихээд толгой нь халуун байна, бие нь халуун байна, хүүхэд халуурчээ гэж халуун бууруулах эм хэрэглэж болохгүй.

Хэрэв хүүхдийн суганы халуун 37.5 хэм (шулуун гэдэсний халуун 38 хэм) буюу түүнээс их байвал халууралт гэж үзнэ. Харин суганы халуун 38,5 хэм (шулуун гэдэсний халуун 39 хэм) буюу түүнээс дээш байвал өндөр халууралт хэмээн халууны эм (парацетамол) өгч болно.

Өндөр биш халууралтыг эмээр буулгах шаардлагагүй, харин аль болохоор шингэн илүү уулгавал халуун буурна.

2 сар хүрээгүй хүүхдэд суганы халуун 35.5 хэм байвал халуун бууралт (гипотерми) гэдэг. Нярай хүүхдэд халууралт ч (37.5o<), халуун бууралт ч (35.5o>) аль аль нь аминд аюултай хүнд өвчний шинж байдаг учраас халууны эм хэрэглэхгүйгээр эмнэлэгт яаралтай хэвтэх учиртай. Хүүхэд ямар нэг хэмжээгээр халуурсан бол нимгэн хувцаслана. Олон давхар хувцас өмсгөж хүүхдийг хэтэрхий бэгнэж болохгүй. Хэт бэгнэснээс хүүхдийн халуун ихэсч болно.

Халууралтын шалтгаан олон янз байх тул хүүхдээ халуурвал таавраар эм уулгах хэрэггүй эмчид үзүүлэх нь зүйтэй.

Эхчүүд хүүхдийнхээ халууныг хэмжиж, хир удаан халуурч байгааг мэдэж, бусад шинж тэмдэг гарсан эсэхийг гярхай ажиглаж эмчид үзүүлэхдээ хэлбэл халууралтын шалтгааныг тогтоож, үр дүнтэй эмчлэхэд их тус болно.

1 Comment

  1. Рада

    sain bnuu ene hezeenii niitlel we? nyarai huuhdiin haluun ugaasaa 37.5 bdag geed emch nar toodogguishdee yagaad ingetel emch bolgonii am zorood bdag yumw e gaihaad barahgui yum…

Leave a Reply