Яагаад рахиттай болов?

Хүүхдэд Д аминдэм дутагдахад рахит өвчин үүсдэг ажээ. Д-амин дэм хүүхдийн кальци, фосфорын солилцоог зохицуулахад чухал үүрэгтэй.

Д-аминдэм хүний арьсанд өөрийн урьдал бодис болох 7-дегидрохолестролоос нарны буюу зохиомол хэт ягаан туяаны нөлөөгөөр үүсдэг байна. Энэ 7-дегид-рохолестрол гэгч нь элгэнд нийлэгшин үүсч, цусаар дамжин арьсанд хуримтлагдан нөөцлөгдсөн байдаг. Арьсанд Д-аминдэм үүсэх нь улирал, өдрийн цаг, хэт ягаан туяаны нөлөөлөх хугацаа хэмжээнээс хамаардаг ажээ.

Рахит хүүхдийн ясыг ингэж өөрчилдөг

А. Хүүхдийн толгойн хэлбэр өөрчлөгдөн, гэдэс нь цүдийж, булчин үенүүд суларчээ.

Б. Хүүхдийн толгой данхайж, нуруу бөгтийжээ.

В. Хүүхдийн хөл О буюу Х үсэг шиг муруй болжээ.

Ингэж арьсанд үүссэн Д-аминдэм нь хүүхдийн бие дэх Д-аминдэмийн 90%-ийг эзэлдэг. Ийнхүү төрсний дараа хүүхдийг Д-аминдэмээр хангах гол эрхтэн нь арьс ажээ.

Хүүхдийн зөвхөн толгой, гарын арьсыг долоо хоногт 2 цаг ил гаргаад байхад хүүхэд хоногт 400 МЕ Д-аминдэм уусантай тэнцдэг байна.

Хүүхдийн биеийн Д витамин -б хоёр дахь эх булаг нь эхийн сүү, хоол хүнс юм. Д-аминдэм эхийн 1 литр сүүнд дунджаар 40 нэгж, үнээний сүүнд 20 нэгж, тахианы өндөгний шард 250 нэгж, бусад хүнсэнд үлэмж бага агуулагдана.

ДҮГНЭЖ ҮЗВЭЛ НАРНЫ ГЭРЭЛ ДУТАГДАХ НЬ РАХИТААР ӨВЧЛӨХ ГОЛ ШАЛТГААН МӨН

Энэ нь юуны өмнө хот суурин, гэр, орон сууцны нөхцөл, эрүүл ахуйтай холбоотой юм. Барилгын цонх, өрөө жижиг, байшингуудын нэг нь нөгөөгөө халхалсан байх, гэрийн өрхийг бага татах зэргээс нарны гэрэл саатаж, цэвэр агаарын солилцоо муудна. Жишээлбэл, цонх тоононы дан шил нарны хэт ягаан туяаны бараг 50%-ийг саатуулдаг. Үүл манан болон утаа униар, шороо тоос зэргээр агаар бохирдсоноос хэт ягаан туяаны цацраг саатдаг.

Бидний олон жилийн ажиглалтаас үзэхэд хүүхдийн хамгийн эрчимтэй өсөлтийн үе болох нярай, нялх, бага насны үед хүүхдийг өдөр бүр тохиромжтой цаг хугацаанд нар, агаарт тогтмол гаргахгүй буюу гэр оронд нь нарны гэрэл байнга тусах, цэвэр агаар орох боломж муутай айлын хүүхэд рахитаар өвчилж байна.

Намар орой, өвөл, хавар эрт төрсөн хүүхдийг даарахаас болгоомжилж нар, агаарт гаргаагүйгээс хүүхэд рахитаар өвчлөмтгий болдог. Рахитын өвчлөл жил бүр 11-12 сараас ихэсч 1-4 сард хамгийн их хэмжээндээ хүрч 5-6 сараас буурч, 7-10 саруудад хамгийн цөөн тохиолдож байна.

Эцэг эх рахит -ын өвчлөл аль сард их байдгийг мэдсэнээр тухайн сард түүнээс сэргийлэх ажлаа илүү эрчимжүүлэхэд тустай юм.

1 Comment

  1. bayarlalaa. unetei zuwulguu ugsund

Leave a Reply