Эмийн гаж нөлөөний талаархи товч ойлголт

Эмэн эмчилгээний явцад эмийн эерэг буюу үндсэн үйлчлэлийн хажуугаар түүний сөрөг  буюу гаж үйлчлэл илрэх явдал цөөнгүй тохиолдож, эмчилгээний үр дүнд садаа болох тал  бий. Энэ утгаар нь эмийг “хоёр үзүүртэй зүү” хэмээн нэрлэдэг билээ.

Тэрхүү “зүү”-ний  нэг үзүүр өвчтөний өвчин эмгэгийг анагаах увьдастай байхад нөгөө үзүүр нь тухайн  өвчтөнд шинээр өвчин эмгэг үүсгэх гайтай байдаг. Ийм учраас эмч, эм судлаачид эмийн  үндсэн үйлчлэлийн зэрэгцээ түүний гаж үйлчлэл буюу гаж нөлөөг судлан тогтоож, улмаар  сэргийлэх арга замыг тодорхойлоход чухалчлан анхаарсаар иржээ. Ер нь сүүлийн  жилүүдэд эмийн гаж үйлчлэл гарах тохиолдол эрчимтэй нэмэгдсээр байгаа бөгөөд эрдэмтэд, судлаачдын тогтоосноор эмийн гаж нөлөө гарах дараахь хэдэн үндсэн шалтгаан  байдаг ажээ. Үүнд:

  1. Эмийн хэлбэр болон эмийг бэлдсэн байдлаас үүдсэн байх. Энд их төлөв эмзүйч ямар нэг хэмжээгээр буруутай байдаг.

  2. Эмийг буруу өгсөн, тарьсанаас үүдэлтэй байх. Энд их төлөв эмч, сувилагч ямар нэг

    хэмжээгээр буруутай байдаг.

  3. Эмийг буруу хадгалсан, буруу хэрэглэснээс үүдэлтэй байх. Энд их төлөв өвчтөн, түүний ойр тойрны хүмүүс ямар нэг хэмжээгээр буруутай байдаг.

Гэхдээ гол төлөв эмийн өөрийнх нь бүтцийн онцлог, мөн тухайн хүний бие махбодын  өвөрмөц талуудаас эмийн гаж нөлөө илрэх эсэх нь шалтгаалдаг байна. Эмийн гаж үйлчлэл  өвчтөнд эмнэлзүйн янз  бүрийн шинжээр илэрдэг бөгөөд тэдгээрийг ангилах хэд хэдэн  зарчим байдаг. Нэлээд энгийн ангиллаар, эмийн сөрөг буюу гаж үйлчлэлийн улмаас  өвчтөний бие махводын зүгээс үзүүлэх хариу үйлдлийг харшлын урвал, харшлын бус урвал, хордлогын урвал гэж хуваадаг байна.

Харшлын урвал

Харшлын урвал эмийн тунгаас огт хамаардаггүй, нэлээд олонтаа  тохиолддог гаж үйлчлэлийн илрэл юм. Өвчтөнд хэрэглэсэн эм нь энэ үед харшил  төрүүлэгч буюу аллергены (эсрэг төрүүлэгч буюу антиген) үүрэг гүйцэтгэдэг байна. Эмийн  улмаас хүний бие махводод явагдах харшлын урвал маш цочмог (анафилаксийн шок  хэлбэртэй), эсхүл алгуурхан илэрдэг байна. Эмийн харшлыг дараахь 4 хэлбэр буюу  хэвшинж болгон хувааж үздэг:

  • 1-р хэвшинж. Энэ үед харшил нь IgE-ийн эсрэг бие буюу антител үүсэх урвал маягаар явагддаг ба эмнэлзүйн хувьд чонон хөрвөс, ринит, бронхоспазмын шинжээр илэрдэг байна.  Их төлөв пенициллин, сульфаниламидын бүлгийн эмүүд ийм хэвшинжит харшлын урвал  өгдөг.

  • 2-р хэвшинж. Энэ үед харшлын урвалд IgG, IgM татагдан ордог ба хавсрагын систем идэвхжидэг байна. Харшилт урвалын үр дүнд цусны эсүүд задран хайлах хүртэл ноцтой  үзэгдэл болдог. Жишээ нь, метилдопа хэмээх эмийн харшлын улмаас гемолиз явагдаж,  анеми үүсдэг.

  • 3-р хэвшинж. Энэ үед харшлын урвал нь IgE, IgG, IgM болон хавсаргын оролцоотойгоор явагдаж, антиген + антител + хавсаргын иж бүрдэл буюу комплекс үүсч, тэр нь улмаар  судасны дотоод бүрхэвч буюу эндотелийг гэмтээж, ийлдсийн өвчин үүсгэдэг байна.  Эмнэлзүйн хувьд чонон хөрвөс, артралги, артрит, лимфаденит, халууралт зэрэг шинж  тэмдгүүдээр илэрдэг байна. Ийм хэвшинжит урвалыг их төлөв пенициллин, сульфаниламид, иодын болон цусны бэлдмэл үүсгэдэг ажээ.

  • 4-р хэвшинж. Энэ үед харшлын урвалд эсийн дархлалын систем, өөрөөр хэлбэл Т- лимфоцит, макрофагууд оролцдог байна. Ийм төрлийн харшил зарим үед эм хэрэглэсэн  даруйд үүсч болох авч, их төлөв эмийг хэрэглэснээс хойш 7-12 цагийн дараа илэрдэг байна. Эмийн харшлын нэг онцгой хэлбэр бол идиосинкразийн үзэгдэл юм. Идиосинкрази гэдэг бол хүний бие махбод зарим эмэнд төрөлхийн хэт мэдрэг буюу уг эм ерөөсөө таарахгүй  байх үзэгдлийг хэлдэг байна. Их төлөв тухайн хүний биед уг эмийг задлах фермент, эсвэл  эмийг хоргүйжүүлэх систем төрөлхийн байхгүйгээс идиосинкрази болдог ажээ.

Харшлын бус урвал

Энэ нь эмийг эмчилгээний тунгаар хэрэглэж байх үед янз бүрийн үзэгдлээр илэрдэг байна.  Жишээ нь, хар тамхины төрлийн бэлдмэл, ялангуяа опий, морфиныг хэрэглэх үед өвчтөний  өтгөн хатах. Эм хэрэглэснээс биед гарах гаж үзэгдлийг анхдагч ба хоёрдогч гэж зааглан  авч үздэг. Эм хэрэглэхэд хүний биед шууд илэрдэг дотор муухайрах, бөөлжих гэх мэт үзэгдлийг анхдагч гаж нөлөө гэж үздэг. Харин эмийг хэрэглэснээс хойш нэлээд хожуу биед гарах базаахгүй үзэгдлийг хоёрдогч гаж нөлөө гэж ойлгодог байна. Жишээ нь,  антибиотикийг удаан хугацаагаар хэрэглэсний улмаас хүний гэдсэн дэх нянгуудын хэвийн  харьцаа алдагдаж, дисбактериозын шинжүүд илрэх.

Хордлогын урвал

Их төлөв эмийн тунг хэтрүүлснээс болж илэрдэг. Гол шалтгаан нь тухайн эмийн тунг  санаатай юмуу санамсаргүй ихэсгэх явдал юм. Эмийн хордлогын урвал хөнгөн, хүнд, маш  хүнд хэлбэрээр илэрч болдог. Энэ тухай доор жич өгүүлэх болно. Дээр дурдсанаас гадна  эмийн гаж нөлөөний өөр хэлбэрүүд байдаг. Тухайлбал, жирэмсэн үед хэрэглэсэн зарим эм  үр хөврөл болон ургийн өсөлт, хөгжилд муугаар нөлөөлсний улмаас элдэв гажигтай хүүхэд  төрөх явдал гардаг. Эмийн ийм чиглэлийн гаж нөлөөг тератоген үйлчлэл гэж нэрлэдэг  байна. Мөн эмийн бодис үр хөврөлийн генийн аппаратад нөлөөлж, өөрчлөлт оруулсны улмаас уг өөрчлөлт цаашид удам дамжих тал бий.

Эмийн гаж нөлөө -ний энэ чиглэлийг мутаген үйлчлэл гэнэ. Түүнчлэн зарим эм хүний биед хорт хавдар үүсгэх тохиолдол байдаг. Эмийн гаж нөлөөний ийм хэлбэрийг канцерген  үйлчлэл гэж үздэг ажээ.

4 Comments

  1. zulaa

    tataj awdag bolgiildoo

  2. dolgion

    bi jiremsen bolsonoo medelgui ceftrione taria 2grammar 3 honog,metrogeli 5 honog hiilgesen .ene ni uragt nuluuluh uuu.hervee ene huuhdee gargaval yah bolooo.nadad tuslaach please

  3. oyuna

    bi jiremsen 2 sartai haniad hureed em uuhgui yavad gampit bolson amoksitslin gedeg em 8 tsagiin zaitai uuj bn. Uragt hor nuluu ih uzuulj bgaa bh gehees ih aij bn em uuhgui baiy geheer zoviur ni ulam ihseed hetsuu bn yah ve?

Leave a Reply