40 мг шахмал, 20мг|мл, 40мг|мл туншил хэлбэртэй байх ба гөлгөр булчингийн агчлыг сулруулах, цусны судсыг өргөсгөх үйлчлэлтэй. Их төлөв зохимж сайтай боловч зарим өвчтөнд тарихад бие халуу оргих, толгой эргэх, судасны лугшилт хурдсах, хөлрөх, цусны даралт багасах, зүрхний хэмнэл алдагдах, амьсгал дарангуйлагдах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.
Уг эмэнд хэт мэдрэмтгий хүмүүст хэрэглэхгүй байх нь зохистой. Улсын эмийн бүртгэлд Дротаверин гидрохлорид, Нош-па, Никоспан (никотины хүчил бүхий нийлмэл найрлагатай шахмал) зэрэг нэрээр оржээ. Изосорбид динитрат – 5 мг, 10 мг, 20 мг, 30 мг, 40 мг шахмал, 40 мг капсул (уух зориулалтын), 2,5 мг, 5 мг, 10 мг шахмал (хэлэн дор тавих) зэрэг хэлбэртэй байх бөгөөд судасны тонус болон зүрхний үйл ажиллагааны төвийн зохицуулгад нөлөөлөх замаар титэм судсыг тэлэх үйлчлэл үзүүлдэг. Энэхүү үйлчлэл нь аажим эхэлж, удаан үргэлжилдэгээрээ нитроглицеринээс ялгаатай. Толгой өвдөх, эргэх, огиулах, зүрх дэлсэх зэрэг гаж нөлөө илэрч болно. Хориглох заалт нь нитроглицеринийхтэй адил. Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтдаг ба эмийн бүртгэлд Изосорбид динитрат, Изодинит ретард, Сорбидин зэрэг нэрээр оржээ.
Сануулга: Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Дур мэдэн эм хэрэглэхийг хориглоно.