Цөсний хүүдий нь жижгэвтэр лийр мэт хэлбэртэй хоол боловсруулах эрхтэн юм. Элэгний чанх дор байрлаж, цөсний цорго болох олон тооны гуурсаар элэгтэй холбогддог. Цөсний хүүдийд цөс хуримтлагдан өтгөрч байдаг. Цөсний хүүдийн үрэвслийг эмч нар “холецистит” гэх бөгөөд хурц ба архаг явцтай байдаг. Хурц үрэвсэл нь архагт шилжиж болно.
цөсний хүүдий
Цөсний үйл ажиллагааны хямрал
Цөс нь элгэнд боловсордог өвөрмөц шингэн бөгөөд өөх тосны шингэцийг сайжруулах, гэдсээр хоол дамжин өнгөрөх явцыг идэвжүүлэх үүрэгтэй. Цөс нь гэдсэнд орохын өмнө нэлээд ээдрээтэй зам туулдаг. Эхлээд элэгнээс элэгний цоргонд ялгаран, тэндээсээ цөсний ерөнхий цоргонд орж тэндээсээ цөсний хүүдий рүү хүүдийт цоргоор дамжин ордог.