Жирэмсэн эмэгтэйн бие махбодид илрэх хэвийн өөрчлөлтүүд ба тулгамддаг асуудлууд

Жирэмсэн эмэгтэйн бие махбодид илрэх хэвийн өөрчлөлтүүд ба тулгамддаг асуудлууд

1073
17
ХУВААЛЦАХ

Жирэмслэхэд  эмэгтэй хүний бүх эрхтэн тогтолцоонд нилээд өөрчлөлт гардаг.  Эдгээр өөрчлөлтүүд нь эхийн хэвлий дэх ураг хэвийн өсөж бойжиход шаардагдах хүчилтөрөгч, уураг, нүүрс ус, өөх тос, давс, аминдэм болон бусад бодисууд эхийн цусанд орж ялгаруулах эрхтэнүүдээр нь дамжин гадагшлах болон  төрөлт хүндрэлгүй явагдах, төрсний дараа нярайг хөхүүлэхэд бэлтгэж байгаа физиологийн үйл ажиллагаа юм.

Ингэснээр  жирэмсэн эмэгтэйн биед нэмэгдэл ачаалал үүсдэг байна.

Физиологийн өөрчлөлтүүдийн ихэнх нь төв мэдрэлийн тогтолцооны зохицуулган дор явагддаг ч дотоод шүүрлийн булчирхай, дааврын өөрчлөлт, рефлексийн  нөлөө их байдаг. Өсөж буй ураг умайн хананы мэдрэлийн төгсгөлийг цочроосноор төв мэдрэлийн тогтолцоонд сэрэл үүсч зохих урвал явагдсанаар дотоод шүүрлийн ба бусад эрхтэн тогтолцоонд физиологийн дасан зохицох өөрчлөлтүүд гарна.

Мэдрэлийн тогтолцоо:

Жирэмсэн эмэгтэйн мэдрэлийн тогтолцоонд нарийн нийлмэл өөрчлөлт явагдаж тархи нугасны сэрэл өөрчлөгдөнө:

  • Жирэмсний эхэн ба төгсгөлд их тархины гадаргын сэрэл хүлээн авалт харьцангуй буурч, харин жирэмсний туршид мэдрэлийн тогтолцооны доод хэсэг, умайн цочрол бага байж жирэмслэлт хэвийн явагдах боломжийг хангана.
  • Төрөх дөхөхөд их тархины гадрын сэрэл хүлээн авалт хамгийн ихээр буурч харин тархины багана хэсэг, нуруу нугас, умайн цочрол  ихсэж базлалт эхлэх нөхцлийг бүрэлдүүлнэ.
  • Жирэмсэн үед ургал /Вегататив/ мэдрэлийн тогтолцоонд өөрчлөлт орж ялангуяа тэнэгч мэдрэл /n.vagus/-ын хүчдэл ихэссэнтэй уялдан үнэрлэх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөн дотор муухайрах, бөөлжих, шүлс гоожих, өтгөн хатах, толгой эргэх зэрэг шинжүүд илэрдэг.
  • Заримдаа зах хязгаарын мэдрэлийн цочрол ихэссэнээс ууц нуруугаар өвдөх, шөрмөс татах шинж  илэрснээ удахгүй арилна.

Дотоод шүүрлийн булчирхай:

  • Жирэмсэн эмэгтэйн дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа, бүтцэнд өөрчлөлт ороод зогсохгүй шинээр өндгөвчинд  жирэмсний шар бие, ихэс үүсдэг. Энэ шар бие жирэмсний 3-4 сар хүртэл байж түүнээс ялгарах прогестрон дааврын нөлөөгөөр үрийн өндөг умайд бэхлэгдэх, хөгжих боломжоор хангагддаг.
  • Жирэмслэлт хэвийн явагдахад ихсээс ялгарах дааврууд нөлөөлдөг. Тухайлбал эхний 7 хоног, сард цэлмэнгийн гонадотропин ялгарч шар биеийн ба умайн хэвийн  үйл ажиллагааг хангана.
  • Мөн ихсээс эстроген даавар / эстриол, эстрон, эстрадиол/ ялгарна. Эстриолын нөлөөгөөр умайн булчингийн ширхэг зузаарч томорно, жирэмсний төгсгөлд эстрон, эстрадиолын ялгарал ихэссэнээр умайн булчингийн цочрол нэмэгдэж  окситоцин болон бусад умай агшаах бодисонд мэдрэг болдог.

Өнчин тархи:

  • Өнчин тархины урд хэсэг  2-3 дахин томорно, арын хэсэг нь томрохгүй бөгөөд энд гипоталамусаас ялгарах умай агшаах окситоцин, шээс ялгаралтыг багасгах вазопрессин   хуримтлагдахаас гадна гонадотропин /пролактин, ЛГ/, бамбайн үйл ажиллагаанд нөлөөлөх тиреотропин, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлөх адренокортикотропин, өсөлтийн /соматотропин/  даавруудын ялгарал нэмэгддэг.
  • Меланоформин дааврын нөлөөгөөр арьс нөсөөтдөг
  • Өсөлтийн дааврын нөлөөгөөр умай, ургийн өсөлт эрчимждэг
  • Төрөх үед окситоцины нөлөөгөөр умайн булчин агших ба төрөлтийн оргил үед цусан дахь окситоцины хэмжээ төрөлт эхлэх үеийнхээс их байна.

Бамбай булчирхай:

  • Жирэмсний эхний саруудад бамбай булчирхайн үйл ажиллагаа идэвхжиж бодисын солилцоонд нөлөөлөх ба харин 2-р хагаст идэвхжил нь буурна.
  • Цусан дахь иодын хэвийн хэмжээ өөрчлөгдөхгүй.
  • Жирэмсэн эмэгтэйн 35-40%-д бамбайн томролт илэрдэг.

Бамбай орчмын булчирхай:

  • Бие махбодийн кальцийн солилцоонд нөлөөлнө.
  • Жирэмсэн үед энэ булчирхайн ажиллагаа буурвал кальцийн дутагдалд орж шөрмөс, хөлийн эрээн булчин татах шинжүүд илэрнэ.

Бөөрний дээд булчирхай:

  • Жирэмсэн үед энэ булчирхайн холтослог давхар зузаарч нүүрс-ус, уургийн солилцоог зохицуулагч кортикостерон, гидрокортизон, давсны солилцоог зохицуулагч минералокортикойд болон бэлгийн андроген, эстроген, прогестерон дааврын үүсэлт ихсэнэ.
  • Холтослог давхрын ажиллагаа идэвхжиснээр цусны өөх тос, холестерины хэмжээ нэмэгдэн арьсны нөсөө ихсэнэ. Харин тархилаг давхарт онцын өөрчлөлт гарахгүй.

Ихэс:

  • Жирэмсэн үед дотоод шүүрлийн шинэ булчирхайн үүрэг гүйцэтгэнэ.
  • Ихсэнд прогестерон, эстроген, гонад үүслийн даавар, ихсийн лактоген, соматотропин үүсч хуралдана.
  • Жирэмсний эхний үед цэлмэнгийн гонадотропин болон прогестерон дааврын нөлөөгөөр умайн сэрэл, цочрол буурч жирэмслэлт хэвийн үргэлжилэхэд нөлөөлнө. Цаашдаа  жирэмсний хугацаа томрох тусам гонад болон прогестерон дааврын гаралт багасч эстрогений дааврууд ихэснэ
  • Төрөхийн өмнө эстроген, эстрадиол нэмэгдэж умайг окситоцин болон бусад агшаах бодист мэдрэг болгоно.

Дархлалын тогтолцоо:

  • Эхийн ба ургийн антиген ялгаатай тул дархлалын тогтолцоонд өөрчлөлт гардаг.
  • Жирэмсэн эмэгтэйн  дархлал буурсан байдаг, ургийн антигены систем хөгжөөгүйгээс  үр хөврөл, ургийг хөөж гаргадаггүй.
  • Дархлалын барьерын үүргийн ихэс гүйцэтгэдэг.

Бодисын солилцоо:

  • Жирэмсэн эмэгтэйн мэдрэл,  дотоод шүүрлийн булчирхайд гарсан өөрчлөлт болон өсөж байгаа ургийн тэжээлд шаардагдах бодисууд ихэссэнтэй холбогдон бодисын солилцоонд өөрчлөлт орно.
  • Ферментийн ялгаралт нэмэгдэж бодисын солилцооны ижилсэх ажиллагаа сайжирч, нүүрсхүчил, азотын нэгдлийн бүтээгдхүүнийг бие махбодиос гадагшлуулж эхэлнэ.

Үндсэн солилцоо:

  • Хүчилтөрөгчийн нэмэлт хэрэгцээ жирэмсний 2-р хагас, төрөх үед улам бүр нэмэгдэх ба үүнийг уушигны багтаамж ихэсч, цагаан мөгөөрсөн хоолойн агаар дамжуулалт сайжран амьсгалын тоо олширсноор  зохицуулна.

Уургийн солилцоо:

  • Бие махбодид хуримтлагдсан уураг умай, мээмний томролт, сүү үүсэлт болон ургийн өсөж хөгжих, хүүхэд хөхүүлэхэд  зарцуулагдана.
  • Жирэмсэн үед цусны альбумин уураг эдийн завсарт гарах, урагт зарцуулагдах нь ихсэх тул цусан дахь хэмжээ нь харьцангуй багасна.
  • Цусны глобулин уураг ихэснэ.
  • Ихэс болон ургаас өвөрмөц уураг /альфа, бетта протейн/ эхийн цусанд ялгарна.

Нүүрс-Усны солилцоо:

  • Энергийн эх үүсвэр болно.
  • Элэг, булчин, ихэс, умайд, нүүрс ус нь гликоген хэлбэрээр хадгалагдан, урагт ихсээр дамжин глюкоз хэлбэрээр очно.

Өөх тосны солилцоо:

  • Цусанд саармаг өөх, тосны хүчил, холестерин, фосфолипидын хэмжээ ихэснэ, бөөрний дээд булчирхай, ихэс, мээм, арьсан доорх эдэд  хуримтлагдаж эх, ургийн эд үүсэхэд, саармаг өөх нь энергийн үүсвэр болдог.
  • Иймээс эфир ба бусад унтуулах бодист амархан нойрсоно.
  • Хоолонд өөх тосыг ихээр хэрэглэвэл дутуу задралын хүчиллэг бодис хуримтлагдан сөргөөр нөлөөлдөг.

Эрдэс-усны солилцоо:

  • Хлор ихэдсэнээс биед бага зэрэг ус хуримтлагдсан  төрөх замын  зөөлөн эдийн сунамгай чанарыг нэмэгдүүлдэг.
  • Кальци хуримтлагдаж ургийн ясны өсөлтөнд, фосфор эхийн уураг задрах, мэдрэлийн тогтолцоо, ясны хөгжилд зарцуулагддаг.
  • Төмөр ургийн элэг дэлүүнд хуримтлагдан гемоглобин үүсэхэд оролцоно, дутагдвал эхэд цус багадалт үүсэн ургийн хөгжил хямардаг.
  • Кали, натри, магни, хлор, кобальт, зэс болон бусад микроэлемэнтүүд хуралдаж урагт очин хэвийн өсөх, мөн төрөлт явагдах, сүү ялгаралтанд бэлтгэхэд ач холбогдолтой.

Аминдэмийн солилцоо:

Бодисын солилцоо хэвийн явагдахад витаминууд чухал үүрэгтэй. Витамин А, В1, Д, Е, К, РР, ялангуяа С-ын хэрэгцээ 2-3 дахин  ихэсдэг:

  • Витамин С нь үр хөврөлийн бүрхүүл, ихэс үүсэх, ураг хөгжихөд
  • А- ургийн өсөлтөнд
  • В1-мэдрэлийн ферментийн үйл ажиллагааг зохицуулахад
  • Д- араг ясны хөгжилд
  • Е-жирэмслэлт хэвийн явагдахад тустай.

Хоол хүнсээр авах витамин дутагдахад дээрх үйл ажиллагаа, ихсийн хөгжил хямардаг.

Зүрх судасны тогтолцоо:

  • Умай, бэлэг эрхтэн, мээмний судасны сүлжээ эрс ихсэж, шинээр ихсийн цусны эргэлт бий болон эргэлдэх цусны ерөнхий хэмжээ нэмэгдэж, өрц дээш шахагдсанаас жирэмсэн эмэгтэйн зүрх судасны үйл ажиллагаанд нэмэгдэл ачаалал үүснэ. Эрүүл эмэгтэйн зүрх судасны ажиллагаа шинэ байдалд амархан дасан зохицоно.
  • Эхийн биеийн, ургийн, ихсийн жин нэмэгдсэн, бодисын солилцоо 15-20% хурдсах, ихсийн цусны эргэлт үүссэн, эргэлдэх цусны хэмжээ ихэссэнээс  зүрхний зүүн ховдол томорч агшилт нь сайжирч, минутын багтаамж ихсэн, судасны цохилт хурдсан, хүчдэл нэмэгдэнэ.
  • Жирэмсний III хагаст зүрхний цохилт 1 мин-д 15-20 цохилтоор олшрох нь хамгийн  их, II хагаст агшилтын ба сулралын даралт 5-15 мм муб-р буурдаг. Захын судасны эсэргүүцэл багасах, цусны зуурамхай чанар буурах нь зүрхний ачааллыг багасгадаг.
  • 28 долоо хоногтойд сулралын даралт хамгийн бага байгаад цаашдаа аажим нэмэгддэг.
  • Төрөлтийн үед зүүн ховдлоос шахагдсан цус биеийн дээд ба дунд хэсэгт илүү хуваарилагдсанаас агшилтын, сулралын, пульсын даралт ихэсдэг.
  • Жирэмсний сүүлийн саруудад өрц дээш шахагдснаас зүрх нилээд хөндлөн байрлалд орж, хил хязгаар нь өргөсөн, том судсууд нугаларна, 50%-д зүрхний оройд агшилтын шуугиан сонсогдоно, I авиа тодорно.
  • Хэвийн жирэмсний 26-32 долоо хоногтойд зүрхний минутын эзэлхүүн  32%-р, харин цусны эргэлтийн дутагдалтай бол 23%-р ихэсдэг.
  • Минутын эзэлхүүн нь жирэмсний байрлалаас  шууд хамаардаг: дээш харж  удаан хэвтэхэд томорсон умай доод хөндий венийг дарснаас зүрхэнд ирэх венийн урсгал саатан минутын эзэлхүүн багасч зүрхний цохилт цөөрч, даралт буурах үзэгдэл ажиглагддаг.   Үүнийг доод хөндий венийн хам шинж гэдэг. Энэ нь ус ихтэй, олон урагт, даралт бага, том урагт жирэмсэнд элбэг ажиглагддаг.
  • Төрөлтийн үед хүчилтөрөгчийн хэрэгцээ эрчимтэйгээр нэмэгдсээр анхан төрөгчид дүлэлтийн хооронд 85.6%, давтанд 72.5%;  дүлэх үед 153.2%, давтанд  126.8%-р ихсэх ба ялангуяа зүрхний өвчтэй жирэмсэнд илүү ихээр шаарддагдаг. Иймд цусны эргэлтийн алдагдалтай жирэмсэнг төрөх, төрсний дараах үед онцгой анхаарах шаардлагатай.
  • Хялгасан судасны ханаар давс, ус, уураг /альбумин/-ийн нэвчилт ихсэж цус болон эд эсийн хоорондох бодисын солилцоог хөнгөвчилнө.
  • Зарим хүнд гадна бэлэг эрхтэн, хөлийн хураагуур судас бүдүүрэх явдал байдаг.

Цус:

  • Эргэлдэх цусны хэмжээ жирэмсний 3 сартайгаас эхлэн нэмэгдэж 36 долоо хоногтойд хамгийн их,  анхныхаас 35-40%  өснө, ялангуяа сийвэн 35-50%, улаан эс 15-20% ихсэнэ.
  • Цус төлжүүлэх эрхтний ажиллагаа идэвхжин улаан эс олширсон ч сийвэнгийн хэмжээ илүү ихээр нэмэгдсэнээс физиологийн цус багадалт үүсдэг.
  • 32-34 долоо хоногтойд гемоглобин, гематокритын түвшин, цусны зуурамхай чанар 20-28 долоо хоногтойд хамгийн бага байна.
  • Цагаан эс бага зэрэг олшрох ба тромбоцит өөрчлөгдөхгүй.
  • Улаан эсийн тунах урвал хурдасч минутанд 20-30мм болно.
  • Жирэмсний 4,5 сартайгаас фибриноген, протромбин, V, VII, VIII, X хүчин зүйлүүдийн хэмжээ аажим нэмэгддэг, сүүлийн саруудад цусны бүлэгнэлт сайжирна. Гэвч биеэр эргэлдэж байгаа цус судсан дотроо бүлэгнэхгүй.

Амьсгалын эрхтэн:

  • Жирэмсэн эмэгтэйн хүчилтөрөгчийн хэрэгцээ өсч, нүүрсхүчлийг гадагшлуулах нь ихсэнэ. Хүчилтөрөгчийн хэрэгцээг хангахын тулд ачаалалтай ажиллана, жирэмсэн умай томрох тусам өрц дээшилж уушги шахагдах ч цээжний хөндий өргөсч уушгины амьсгалах талбайг багасгадаггүй хийн солилцоо ихэсч амьсгал  олширч гүнзгий болно.
  • Ихсийн хүчилтөрөгч нэвтрүүлэлт 32-35 долоо хоног хүртэл эрчимтэй өснө.
  • Төвөнх,  бронхын салстанд зогсонгишил үүсдэгээс грипп, амьсгалын замын өвчнүүдэд амархан өртдөг.
  • Жирэмсний төгсгөлд хүчилтөрөгчийн шаардлага 30-40%, төрөхөөр дүлэх үед 150-200% нэмэгдэнэ гэж үздэг.

Хоол боловсруулах эрхтэн:

  • Жирэмсэн үед умайн хэмжээ томорч гэдэс, ходоод, элгийг шахах боловч хоол боловсруулах булчирхайн шүүрэл, элэгний бүтцэнд өөрчлөлт гарахгүй.
  • Өтгөн хатаж цөсний урсалт бага зэрэг удааширч болно.
  • Элэг нилээд ачаалалтай ажиллаж эх ургийн бодисын солилцооны явцад үүссэн бүтээгдэхүүнийг хоргүйжүүлнэ. Эрүүл эмэгтэйн элэг амархан зохицож ажиллана.
  • Амтлах мэдрэхүй өөрчлөгдөнө, заримдаа хоолны дуршил нэмэгддэг.
  • Зарим жирэмсэн эмэгтэйчүүдэд эстроген даавар ихэссэнтэй холбоотойгоор  хэвийн үед гарын алга улайх, одлог тууралт гарах шинж илэрдэг ба  төрсний дараа алга болдог.

Шээс ялгаруулах эрхтэн:

  • Эх, ургийн бодисын солилцооны илүүдэл бүтээгдэхүүнийг гадагшлуулах учир бөөрний ачаалал ихсэнэ. Өдөрт бараг 100 л шингэнийг шүүдэг байна.
  • Прогестрон ба бусад дааврын нөлөөгөөр шээс дамжуулах суваг өргөжин гогцоорч тахиралддаг, бөөрний тэвшинцэр, давсаг тэлэгдэж агшил нь сулардагаас шээс ялгаруулах замд шээс тунарч, гарц нь өөрчлөгдөн шээсний замын үрэвсэл үүсэх нөхцлийг бүрдүүлдэг.
  • Хэвийн жирэмслэлтийн үед бөөрний бүтэц, үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй.
  • Шээсний уураг өчүүхэн боловч нэмэгдэх нь жирэмсний хожуу хордлогын эхлэл болно.
  • Жирэмсний эхний саруудад умай, төгсгөлд ургийн толгой бага аарцгийн амсарт тулж давсгийг дарснаар шээс ойрхон хүрэх шинж тэмдэг илрэх ба умай томрох тусам давсаг дээш татагдан дээрх шинж арилдаг.

Тулгуур эрхтэн:

  • Жирэмсэн үед умдаг, ууц сүүжний холбоос хөвсийж, сунан, умдагны үе 0.5-0.6 см зайтай болно. Ясны үе холбоосонд гарах өөрчлөлт аарцгийн амсарын хэмжээг бага боловч нэмэгдүүлж ургийн толгой багтаж гарахад тус болно.
  • Хүүхэд төрөх үед ахар сүүл үеэрээ 1.5-2 см гэдийж аарцгийн гарах хэсгийн зайг ихэсгэнэ.
  • Цээжний хөндий өргөсч хавирганы нум дээш өргөгдөнө.
  • Умай, хэвлий томрох тусам багана нуруу тэгшрэн, бүсэлхийгээр хотойж, мөр толгой гэдийж ирнэ.

Арьс:

  • Бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаатай холбоотой хэвлийн цагаан шугам, хөхний товч толгойн нөсөөжилт ихсэн, хөмсөг, дух, хамар, уруулын дээгүүр сэвхтэнэ.
  • Умай томрох тусам хэвлийн хана сунаж арьс нь язрана. Язарсан хэсэг нь улаан хүрэндүү өнгөтэй байх бөгөөд төрсний дараа цагаан зураасан сорви болж үлдэнэ. Мөн гуя мээмний арьс язарч болно.
  • Хүйсний орчим хувирал гарч жирэмсний 8 сартайд хүйсний арьс тэгширч 10 сартайд түмбийнэ.
  • Арьсны хөлс, тос ялгаруулах булчирхайн үйл ажиллагаа ихсэнэ.
  • Зарим жирэмсэн эмэгтэйн нүүр, хөл, хэвлийн хоёр хажуугаархи арьсанд үс ургах ба төрсний дараа нэлээд хэдэн сар болоод арилна. Энэ нь дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлт, эхийн даавартай холбоотой.

Биеийн жин:

  • Жирэмсэн үед ураг өсөх, ургийн ус, ихэс үүсэх, умай, мээм томрох, цусны ерөнхий хэмжээ ихсэх, биед өөх тос хуримтлагдах зэргээс шалтгаалж биеийн жин эхний саруудад бага зэрэг нэмэгдэх ба нийт 10-12 кг-аар ихсэнэ.
  • Хэвийн явцтай жирэмсний үед 7 хоног тутамд I,III гурван сард 300-320 гр, II гурван сард 350-400 гр нэмэгддэг.
  • Эхний 3 сард 10%
  • Жирэмсний 3-5 сартайд –25%
  • Жирэмсний 5-7 сартайд –45%
  • Жирэмсний 7-9 сартайд –20%
  • Хэвийн жирэмсний 7 хоног тутамд биеийн өндрийн 10 см тутамд 22 гр-р жин нэмэгдэнэ
  • Хэвийн жирэмсний 7 хоног тутамд биеийн жингийн 10 кг тутамд 55 гр-р жин нэмэгдэнэ

Мээм:

  • Жирэмсний эрт үеэс эхлэн сүүний булчирхай томрох, тоо нь нэмэгдэх, цусан хангамж сайжрах, уураг гарах, хөхний товч, толгой томрох, арьсан доорхи хураагуур судсууд өргөсөх зэрэг өөрчлөлтүүд мээмэнд гарна.
  • Мээм томорно. Эдгээр нь хүүхэд хөхүүлэхэд бэлтгэгдсэн өөрчлөлтүүд юм.

Бэлэг эрхтэн:

  • Жирэмсэн үед бэлэг эрхтэнд ихээхэн өөрчлөлт гарна. Ялангуяа умайн хэлбэр хэмжээ, байрлал, бүтэц, сэрэл, цочрол өөрчлөгдөнө. Умай жирэмсний туршид байнга томорч хэвлийн хөндийг бараг дүүргэнэ.
  • Жирэмсний төгсгөлд умайн урт 37-38 см, өргөн 25-26 см, жин 1000-1200 гр, хөндий нь 500 дахин ихсэнэ. Умайн булчингийн ширхэгүүд өсч үржин, ширхэг бүр нь 10-12 дахин уртасч, 4-5 дахин бүдүүрэх ба булчингийн ширхэгийн өсөлт жирэмсний эхний 5 сард идэвхтэй явагдаж, умайн ханын зузаан 3-4 см болох ба цаашдаа ураг томрохын хирээр сунаж нимгэрэн жирэмсний төгсгөлд 0.5-1 см болно.
  • Мөн умайн булчингийн ширхэг завсар дахь холбогч эдүүд өсч, зөөлрөн сэвсийх ба уян ширхэгүүд нь олширно.
  • Жирэмсний эхний сард үр бэхлэгдсэн умайн хэсэг товойж томрон, хүзүүвч ихэд зөөлрөх ба 3 дахь сараас умай бөөрөнхий, цаашдаа зууван дугуй болно.
  • Умайн булчин дахь актомиозин уураг 25%-иар ихсэж, умайн их биед илүү хуримтлагдан идэвхи нь сайжирна, умай дахь кальци, гликоген, фосфокреатинин, биологийн идэвхт-серотинин, катехоламин бодисууд нэмэгдэн умай агшихад нөлөөлнө.
  • Умайн сэрэл, цочрол жирэмсний эхний саруудад багасах ба цаашдаа нэмэгдсээр төрөлтийн үед дээд цэгтээ хүрнэ.
  • Жирэмсэн үед умай өвдөлтгүйгээр жигд бус сулхан базалж ихэс умайн цусны эргэлтэнд нөлөөлж байдаг. Энэ базлалт жирэмсэн эмэгтэйд мэдрэгдэхгүй.

Бэлэг эрхтний цусан хангамж:

  • Жирэмсэн умайд шинээр цусны судсууд үүсч тараагуур хураагуур судсууд уртсан, өргөсч, тахиралдан умайн томролттой зохицож байрлана. Умайн судасны сүлжээ олширно.
  • Жирэмсэн умайн цусан хангамж эрс нэмэгдэж цусны нөөцтэй байдгаас цус алдалт, шокийн үед ч умайд ирэх цусны хэмжээ харьцангуй тогтвортой байна. Умайн цусан хангамжид гарсан өөрчлөлт ургийг тэжээлийн бодис, хүчилтөрөгчөөр хангахад чиглэгдэнэ.
  • Умайн мэдрэлийн ширхэгүүд томорч бүдүүрэн, цочрол хүлээн авах төгсгөлүүд олширч, ургаас эхийн төв мэдрэлийн тогтолцоонд очих цочрол ихсэнэ.
  • Умайн тунгалгийн судсууд уртасч өргөснө. Умайн салст бүрхүүлийн хөдөлгөөнт давхаргад нарийн өөрчлөлт гарч ихсийн хуурах бүрхэвчийг үүсгэнэ. Умайн гадуурхи гялтан бүрхэвч зузаарч сиирэгжин сунана.
  • Умайн хүзүү жирэмсний явцад сэвсийж зөөлрөн сунамтгай болж судас нь өргөсөн цус дүүрснээс хөхөлбөр туяатай харагдах ба умайн хүзүүний булчирхайнаас гарах салс нь өтгөрч зунгааралдан, сувгийг бөглөж байдаг.
  • Анхны жирэмслэлтийн үед умайн хүзүү төрөлт эхэлтэл хаалттай байх бөгөөд, давтан төрөгчдөд жирэмсний төгсгөлд хурууны үзүүр орохуйц нээгдсэн байна.
  • Жирэмсэн, төрөлтийн үед умайн холбоосууд уртсаж зузааран умайг хэвийн байрлалд барина. Умайн дугуй холбоос хэвлийн гаднаас тэмтрэгдэнэ.
  • Умайн хүзүүвч зөөлрөн сунаж, нимгэрэн умайн доод таславчийг үүсгэнэ. Энэ нь ургийн хэвтэш болно.
  • Умайн гуурс бүдүүрч умай томрох тусам өндгөвчийн хамт дээш татагдан жирэмсний эцэст умайн хоёр хажуу уруу унжина.

Өндгөвч:

  • Хэмжээгээр бага зэрэг томорч зөөлөрнө, умай томорсноос дээш татагдана, уутанцар /фолликул/ хөгжихгүй, өндгөн эс боловсрохгүй. Үүнийг шар бие, өнчин тархины даавар зохицуулна.  Гэхдээ уутанцрын даавар /эстроген/ зохих хэмжээгээр гарч байх бөгөөд прогестрон даавартай хамтран умай, мээмний өсөлт хөгжилтөнд нөлөөлнө.
  • Жирэмсний эхний 3 сар өндгөвчинд прогестерон даавар ялгаруулдаг жирэмсний шар бие үүснэ.
  • Прогестроны нөлөөгөөр умайн цочрол багасч байж үрийн өндөг умайн хананд шигдэн бэхлэгдэж, өсөж хөгжих нөхцлийг бүрдүүлнэ.
  • Жирэмсний 3,5-4 сартайгаас шар бие өсөхөө больж шимэгдэн, түүний үүргийг ихэс гүйцэтгэнэ.

Үтрээ:

  • Үтрээний цусан хангамж, шүүрэл, ялгадас ихэсч, хана нь хөвсгөр сунамхай, хөхөлбөр өнгөтэй болж үтрээ уртсан салстын нэвчүүлэх чадвар ихсэнэ. Иймд жирэмлэлтэнд хорт нөлөө үзүүлэх бодисоор үтрээнд угаалга хийхгүй байх хэрэгтэй.
  • Эрүүл явцтай жирэмсний үтрээний цэвэршилт I, II зэрэгтэй байна.

Гадна бэлэг эрхтэн:

  • Жирэмсэн үед гадна бэлэг эрхтэн хөөнгөтөж, тосны булчирхайн шүүрэл ихсэн, чииглэг болж үтрээний амсар хөхөрнө.
  • Давтан төрөгчдөд хураагуур судас өргөсч бүдүүрсэн харагдана.

17 СЭТГЭГДЭЛ

  1. Sain bnuu? Bi 5doloo honogtoi jiremsen, 24nastai ih udaan hvsch baij jiremsen bolood zondoo bairtai bna nuhur bid hoer.harin neg zuil asuuh gesiin hariulj tus bolooch tehu? Manai nuhur diabetic yum l daa hvvhded mine udamshih bolovuu?

  2. ene jiremsen ehchuud bidend mash ih tustai site bna bayarlalaa…. Bi odoo 6 sartai. Ankh jiremsen bolood l hamar tag bituu. Olon udaa emchid uzuulj yabsan bolovch yamar tusgui. ene talaarh zuvulguu haisan bolovch neeh sain zuvulguu olsongui ee. Hamar bituu bolohoor uneheer hetsuu bnaa. Nadad tuslaach we admin bolon nadtai ijil asuudaltai ehchuudee guij bnaa….

  3. sain bna uu. ta buhend ene odriin mendiig hurgey. bi neg zuiliig asuuh gsn yumaa. bi nz zaluutaigaa hamgaalaltgui 1 garan haritsaand baigaa hernee bi jiremsen bolhgui bgaad baih yumaa. bi omno ni 1 udaa huuhed awhuulj baisan ter uyd 1 untaal jiremsen bolson getel ene udee tegehgui yum. ene yutai holbootoi baij boloh we? huuhed hediid bureldeh bolomjtoi baidag we?

  4. sain bnuu bi odoo 29 nohortoigoo 8jil bolj bn sayal hvvhedtei bolood boon bayr bolj bna bi 1g yum asuuh gesiin maa 29 hogshin bn geh yumaa hvvhded mini noloolhgvi biz dee yanz yanziin yum sonsood sanaa ih zovood bh yumaa hariu bicherei

  5. sn ugii? nas chine zugeeree..minii tanidag hun 36taidaa anhnii huuhdee toruulj bsan sayhan bas manai hamaatnii egch 39tei anhniihuuhdee toruulseeen… teheer sanaa zovoltgui bhaa… chi oorooo l taivan bj eldev yum bodohgui  bgaarai…. tanai ger buld az jargal husey.

  6. Sainuu bi turuud jil bolj bn. Hamgiin suuld 5sard sariin temdeg ireed ternees hoish irehgui bn. Jiremsen bolsiin bolov uu gd zunduu testeer uzlee. Hed honood l ulun sheesendee hiij uzlee gants zuraas garaad bn hytad test hudlaa ym bolov uu gd buur unetei solingosiin testeer unuudur uzlee bas l gants zuraas  tegsen hernee sariin ym irehgui bhiin arai zavnii gaduurh jiremslelt gdg bish biz helj tuslaach EHO-d uzuulvel medegdeh bh daa 

  7. Sain bnuu bi 28nastai oxin maani 6tai 2daxi jiremslelt. 14 nideltei. Xux maani mash ix xemjeegeer zagatnaad owtgood boldoggvi ee. Bi yamar Arga xemjee awax we

  8. Snuu bi odoo 28n doloo honogtoi jiremsen omno n barag 2jiliin omno ihes howhorson geed 8 srtai dutuu torj bsan zrimdaa dooshoo bazlaad h bgA ym shig hatgad ch bga ym shig bolod bh yma ene ymar uchirtai ym boloo omno n endej bsan bolohoor aigaad bh ymaa 

  9. Sain bnu manai xuu odo 6 sarta getel daxiad jiremsen bolchij xuuxde toruulj bolxu ymar xundrel garax we xuugee xoxnoos n gargaxgui bj bolxu zaawal xariularai

  10. Sain bna uu Bi odoo 2 sartai jiremsen haniad hureed 14 honoj bna em uuj bolohgui bolohoor mash ih hanialgaj bna ih hanialgahaar saw agshdag gj sonsloo ene ni uragt muu nolootei yu sanaa zowood bhiimaa hariulj ogooch

  11. Bienii yum irhees hedhen honogiin umnu haritsaand orood bienii yum irchihwel jiremsen boloogui bna gsn ug uu?

  12. SAIN BAINA UU? BI ODOO 3 SARTAI JIREMSEN MINII TOLGOI IH OWDOH YUMAA OGLOO BOSONGUUT NUVD HARANHUULAID BHIIN BS JILEN HOZVV MASH HONDVVRLEED BOLDOGGVI. HOOL IDEH DUTSHIL MASH IH BUURSAN. ENE MUU YU.?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ