Уушгины архаг бөглөрөлтөт өвчин

Уушгины архаг бөглөрөлтөт өвчин (УАБӨ) нь дэлхийн хүн амын өвчлөл, нас баралтын гол шалтгааны нэг болж, нас баралтын шалтгааны дөрөвдүгээрт орж байна. Гол эрсдэлт хүчин зүйл нь хорт  зуршил буюу тамхи татах явдал юм.

УАБӨ –ий тархвар зүй

  • ДЭМБ-ын мэдээнд 2000 онд УАБӨ-өөр 2.74 сая хүн эндсэнийг тэмдэглэжээ. АНУд нас баралтын шалтгааны дөрөвдүгээрт (зүрхний өвчин, хавдар, тархины судасны өвчний дараа) орж байна.

  • ДЭМБ-ын 1990 оны мэдээгээр хөгжиж буй орнуудын хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны 12 дугаарт УАБӨ орж байна. 2020 он гэхэд 5 дугаарт орох магадлалтай байна.

  • Амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин манай орны хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна.

  • Тодорхойлолт

    УАБӨ гэдэг нь гуурсан хоолойн бөглөрөл эргэшгүй, эсвэл хэсэгчлэн эргэх онцлогтой, амьсгал гаргахад саадтай болох, ханиах, цэр гарах шинжээр илэрдэг, архаг даамжирах явцтай өвчин юм.

    Шалтгаан/эрсдэлт хүчин зүйлс

    • УАБӨ нь голдуу гуурсан хоолойн архаг үрэвсэл, уушги тэлэх өвчний суурин дээр үүсдэг.

    • УАБӨ-ий анхдагч эрсдэлт хүчин зүйл нь тамхи таталт юм.

    Оношлогоо

    1. Өртөмтгий бүлгийн хүн амын дунд эрсдэлт хүчин зүйлийн нөлөөгөөр ханиах, цэр гарах, амьсгаадах шинжтэй хүн бүрт УАБӨ-ийг оношлох шаардлагатай. Оношийг спирометр, пикфлометрээр баталгаажуулах боломжтой.

    2. Архаг ханиалга, цэр нь ихэвчлэн агаарын урсгалыг саатуулдаг боловч ханиалгах, цэр ялгаруулах тохиолдол бүрт УАБӨ оношлогддоггүй.

    Хүндрэл

    • АМЬСГАЛЫН ДУТАГДАЛ – УАБӨ даамжрахад амьсгалын замын захын хэсгийн бөглөрөл, холбогч эдийн бүтцийн өөрчлөлт, уушгины судасны эмгэг зэрэг нь амьсгалын багтаамжийг бууруулна.

    • ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН – УАБӨ-ий хүнд хэлбэрийн төгсгөл үед уушгины даралт ихэссэнээр уушги зүрхний хам шинж -ээр хүндэрдэг учир тавилан муутай байдаг.

    Leave a Reply