Хувцаслалт

Би л жирэмсэн гээд хаа хамаагүй, уут сав мэт хувцас өмсөх нь зохимжгүй. Харин ч өөрийн хэв маягаа өөрчлөх сайхан боломж гарсанд олзуурхах нь зөв. Жирэмсэн үед биеэр эргэлдэх цусны хэмжээ ихэссэнээс хөлрөх, үтрээний ялгадас нэмэгдэх ба үүнийг дагаж та өөртөө тавих эрүүл ахуйн дэглэмээ сайжруулах ёстой.

Өдөр бүр тогтмол усанд орох, хөвөн даавуун эдээр хийсэн хувцас өмсөх, дотуур хувцсыг өдөр тутам солих нь зүйтэй.

Бариу давчуу хувцас өмсөж, хүйтэнд даарч, халуунд хөлсөө урсгаж явах нь давхар биетэй хүнд үнэхээр тээртэй нь ойлгомжтой тул хувцсыг сонгохдоо өөрийн биед эвтэйхэн, хөнгөхөн, хэт халууцуулахааргүй эсвэл дааруулахааргүй зохицуулж өмсөх хэрэгтэй юм. Хувцас нь хэт нейлон эдлэлээр хийсэн биш байх, харин бэлхүүсээрээ бага зэрэг сунадаг байхад гэмгүй. Дээл, хантааз, бэлхүүсээрээ чөлөөтэй богино цамц, мөрөвчтэй өмд, хэт урт биш даашинз байвал тохиромжтой.

Гутлыг сонгохдоо чийг татахгүй, намхан ултай, хөлөнд эвтэйхнийг сонгоорой. Хөлийн хэмжээ нь жин нэмж, хүүхэд томрох тусам бага зэрэг палбийж өргөсөх тул хуучнаасаа 1-1.5 размер том байхаар тооцож ав. Хэт бариу гутал хөлийн булчин, судсыг дарж, цусны эргэлтийг хаагдуулна. Гутал нь зөөлөн арьс, эдээр хийгдсэн, чийг татахгүй байвал зохино.

Хөхний даруулгыг жирэмсний бүхий л үед өмсөх ба төрөлт ойртох тусам хөхний хэмжээ томорч, хатуу чанга болж ирдэг тул 2-3 ширхэг том хэмжээтэй хөхний даруулгатай байх нь зөв. Хөхний даруулганы хэмжээ биедээ таарсан, угааж цэвэрлэхэд хялбар, цайвар өнгөтэй байвал зүгээр. Хөх томроход даруулгыг солихгүй явж болохгүй. Ингэснээс хөхний толгой цухуйхгүй болох, орой нь шархлах хөндүүрлэх болно. Хүүхдийг төрсний дараа хөхүүлэхэд хялбарыг бодож урдуураа цахилгаантай, эвсэл уяатай нээхэд хялбар даруулга сонгоорой.

Leave a Reply